Эмнэлгийн тусламж үйлчилгээний ачааллыг бууруулах, хүлээгдлийг багасгах зорилгоор хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улсын нэгдүгээр төв эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ажиллах цагийг уртасгаж, 20:00 цаг хүртэл, зуны улиралд 21:00 цаг хүртэл, Бямба гарагт 10:00-15:00 цагийн хооронд ажиллуулахаар шийдвэрлээд байна.

Харин Гэмтэл согог судлалын үндэсний төвийн амбулатори засвартай байгаа учир тус эмнэлэгт энэхүү шийдвэр ирэх гуравдугаар сарын нэгнээс эхэлж хэрэгжинэ. Энэ нь үйлчлүүлэгчдийн ачаалалтай холбогдуулан эмнэлэг 2 ээлжээр ажиллаж байгаа нь ханиад томууны дэгдэлттэй хамааралгүй гэж ойлгож болно. Нэг эмчид ноогдох үзлэгийн цаг гэж байдаг. Стандартаар бол нэг хүнийг 20 минутад үзэх ёстой.

Энэ хугацаанд эмч тухайн иргэний өвчтөний түүхийг маш сайн уншиж, өмнөх лабораторийн шинжилгээнүүдийг нь харьцуулах зэргээр анализ хийдэг. Гэтэл өнөөдөр манай эмч нар оочер дугаарлалтад хавчигдаад өвчтөнийг богино хугацаанд хурдан үзэх болчихоод байна. Энэ нь үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжид нөлөөлөх нөгөөтэйгүүр эрсдлийг бий болгох магадлалтай тул уг шийдвэрийг гаргаж байна. Ингэхээр иргэд 2 дугаар сарын нэгнээс эхэлж орой 20 цаг хүртэл дээрх 4 эмнэлгээр үйлчлүүлэх боломжтой гэсэн үг. Харин иргэд цаг авч авсан цагтаа ирж үзүүлэх нь зүйтэй.